Уяа моринд тохиолддог уяачдын дунд бэрхшээл болдог зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлийн нэг бол морины хөлний гэмтэл юм.
Гэмтэл үүсэх үндсэн шалтгаанууд:
Дасгал хөдөлгөөн, ажил дутуу адуунд гэнэт ачаалал өгөх,
Уралдааны замын бартаа, саад.
Байгаль цаг уурын тохиромжтой бус нөхцөл,
Эрдэс дутагдах,
Ачааллыг хэтрүүлэх,
Эмгэгийг бүрэн гүйцэд эдгээлгүй дахин уралдах,
Унаачийн санамсаргүй алдаа (огцом хурд хасах, гэнэт хажуу тийш дарах г.м)
Төрөл бүрийн механик гэмтэлүүд г.м.
Усанд сойхын өмнө хөлний гэмтлийг зөв оношилж, тохирох эмчилгээг хавсарч хийвэл илүү үр дүнтэй байдаг. Оношилгоог нарийвчилсан ЭХО, рентген аппаратаар мэргэжлийн эмчээр хийлгэх нь зүйтэй. Оношлуулсанаар тухайн адууны хөлийн бэртэлд тохиромжтой эмчилгээг хийх боломж бүрддэг ба эдгэрэх магадлал өсдөг.
Доголын үед хүйтний эмчилгээ буюу усанд сойх, мөсөөр боох зэрэг үр дүнгийн хувьд өндөр ач холбогдолтой байдаг.
Манай уяачид усанд сойсноор хавдар, хаван, үрэвслийн шингэн сорогддог гэж ярьдаг. Мөн уяачид эдгээр бэртэлийг шөрмөсөө цохих, нүдлэх, цус буух зэргээр нэрлэж ирсэн ч шинжлэх ухааны үүднээс шөрмөс, шандас, зөөлөн эдийн үрэвсэл, ясны гэмтэл, үений үрэвсэл гэж нэрлэдэг.
Ямар үед усанд зогсоох вэ ?
Олон дахин уралдаж ачаалал авсан морьд,
Үений үрэвсэлтэй,
Шандас, шөрмөсний суналт, бэртэлтэй морьд,
Хөлөнд цус буусан, хавдсан хөлтэй морьд.
Уралдааны үед урд 2 хөл дээр илүү ачаалал ирдэг. Үүний улмаас шандас, шөрмөсний ачаалал ихэсч, судас өргөсөж, хаван, шүүдэс үүсэх, мөн үе болон шандас, шөрмөсний дугтуйнаас ялгарсан шингэн хуримтлагдах магадлал өсдөг. Үүнийг манай малчид, уяачид цус буух гэж нэрлэдэг.
Уралдаж хөлөнд ачаалал авсан болон гэмтэлтэй адууг намар усанд сойхын ач тус нь өргөссөн цусны судсыг нарийсгаж, эмгэгтэй хэсгийн үрэвслийн шүүдсийг шимэгдүүлж, хаван хавдарыг бууруулхаас гадна, гэмтсэн хэсгийн эдгэрэлтийн процессийг дэмжиж өгдөг.
Ямар гэмтлийн үед усанд зогсоож болохгүй вэ ?
* Ил шархтай үед,
* Амьсгалын болон тэжээл боловсруулах замын эмгэгтэй адууг,
* Үрэвсэлтэй, халуурч байгаа адууг.
Ямар үед усанд сойсноор үр дүн гарахгүй вэ?
* Туурайн яс, өнчин яс, савх ясны хугаралын үед.
Усанд сойсны дараах арчилгаа, эмчилгээ:
Хаван хавдарыг газар авхуулахгүйн тулд уян боолтоор боох,
Гэмтэлд тохирсон эм, тариа хэрэглэх. (үе, шандас, шөрмөсний үрэвсэл, ясны гэмтэл)
Гэмтэл авсан тохиолдолд дээрх арга хэмжээг авахаас гадна амраах хэрэгтэй (6 сараас жилийн хугацаагаар амраах нь үр дүнтэй).
Усанд сойхдоо анхаарах зүйл:
Ил шархгүй байх
Хануур хатгуурын шарх бүрэн эдгэсэн байх
Нэг удаагийн сойлтоор удаан хугацаагаар зогсоохгүй байх (цаг агаарын нөхцөл, улирлаас хамаарч өглөө болон оройд 30 минутаас 2 цаг сойно).
Хэт гүнзгий буюу өвдөгний үенээс дээгүүр усанд зогсоохгүй байх.
Удаан хугацаагаар усанд зогсоож болохгүй шалтгаан:
* Туурайн эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл,
* Нөхцөлт эмгэг төрүүлэгчид идэвхижснээс уушгины эмгэг үүсэх нөхцөл болно.
* Ялгаруулах эрхтний эмгэг буюу бөөр давсаг зэрэг эрхтэнүүдийн эмгэг үүснэ.
Та манай дараа дараагийн зөвлөгөөг хүлээн авахыг хүсвэл манай manlai.mn хуудсанд LIKE дарж нэгдээрэй.
Comments