Сүүлийн үед морин спорт хөгжихийн зэрэгцээ манай орны уяачид цэвэр цусны хээлтүүлэгч болон хээлтэгч адуунуудыг импортоор оруулж ирэн адуу үржүүлгийн ажлыг өргөн хүрээтэй хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор уяачид үржүүлэгчид та бүхэндээ цэвэр болон шинэ цагийн Монгол адууны арчиллагаа, маллагаатай холбоотой дараах зөвлөмжийг хүргэж байна.
Манай орны хувьд байгаль цаг уурын онцлогоос хамаарч адуу үржүүлгийн ажил хавар 5 сараас эхлэн намар 9 сар хүртэл эрчимтэй явагддаг. Намрын улиралд өвс ногооны сөл тасарч бид бүхэн хээлтүүлэгч, хээлтэгч цэвэр болон цустай адуунуудаа ихэвчлэн сэрүүн орхоор 11, 12 дугаар сард зүчээндээ оруулж ирж тэжээж эхэлдэг.
Тэжээлд орохоос өмнөх бэлтгэл ажил болон анхаарах асуудлууд:
• Зүчээний дулаан, агааржуулалт болон эрүүл ахуйг хангах,
• Тэжээлд орох адуунууддаа ханиадны ба херпесвирусын хам вакциныг хийсэн байх.
• Улирлын паразитийн туулгалтыг хийсэн байх,
• Эмчийн үзлэгт хамруулах,
• Чанартай, жил өнжөөгүй, хадгалалтын горимын дагуу хадгалсан эрүүл ахуй чанарын шаардлага хангасан өвс, тэжээл бэлтгэх,
Зүчээний дулаан байх, агааржуулалт болон эрүүл ахуйг бүрэн хангах шалтгаанууд:
Зүчээгээ агаарын солилцоо сайтай байхаар зохион байгуулах нь зүйтэй бөгөөд агаарын солилцоог сайн байлгаж, тогтмол агаар оруулах ёстой. Улмаар зүчээнд байгаа адуу дараах эрсдэлүүдээс сэргийлэх боломж бүрдэнэ.
Зүчээ агааржуулалт муутай, эвгүй үнэр, бохирдол ихтэй байхаас үүдэлтэй уушигны эмгэг (ханиад, амьсгалын замын халдварт үрэвсэлүүд), мөөгөнцрийн халдвар (арьс болон үсэн бүрхүүлийн шархлаа үүсэх), ул туурайн эмгэг (гахай зөөлрөх, туурайн эвэрлэг давхаргын гэмтэл), бодисын солилцоо хямарлаас үүдэлтэй цочмог болон гүн хордлого, амьсгалын замын эрхтнүүд эмгэгших цаашлаад уушиг устах, хүчилтөрөгчийн дутагдалд орох улмаар шоконд орох гэх мэт эрсдлүүдээс хамгаална.
Адуунууддаа ханиадны ба херпесвирусын хам вакцин хийлгэх:
Ханиад болон Херпесвирусын урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэснээр халдварт өвчинүүд болон өөр зүчээ болон бэлчээрээс шилжиж ирсэн адуунуудаас халдварлах амьсгалын замын халдварт өвчин Херпесвируусээр халварлагддаг өвчнүүдээс хамгаалагдана.
Улирлын паразитийн туулгалт:
Паразитийн туулгалтыг хийснээр тарга хүч нэмэгдэх, шимэгч паразит хорхойноос үүдэлтэй хоол боловсруулах эрхтний эмгэг, ходоодны шарх, цус багадах эмгэгүүдээс урьдчилан сэргийлнэ.
Эмчийн үзлэгт тогтмол хамруулснаар
Физиологийн хэвийн үзүүлэлтийг хянах, эмгэг процесс үүсэхээс урьдчилан сэргийлэх
Цочмог халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх
Бэлгийн замын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хээлтэгчид дамжин халдварлахаас сэргийлэх ач холбогдолтой.
Тэжээллэгийн чанар үзүүлэлтийг стандартын дагуу хянаснаар тарга хүч нэмэгдэнэ, азарга үржлийн үед хээлтүүлэх чадвар өндөрсөнө,
Мөн бидний анзаардаггүй нэг эмгэг бол ам, амны хөндий, шүдний эрүүл ахуй юм. Хэвийн биш байгаа адууны амны хөндийг шалгаж, малын эмчид үзүүлэх хэрэгтэй.
Ямар тэжээлээр тэжээх нь чухал вэ?
- Мал амьтны халдварт өвчин гараагүй эрүүл бүс нутгаас бэлтгэсэн шивээгүй нарийн ногоон өвс,
- Эрдэсийн бүрэн найрлагатай хужир болон долооц бэлдмэл,
- Бохирдолгүй, зохих журмын дагуу хадгалалт хийсэн хүчит тэжээл. Маш олон төрлийн тэжээл болон балансжуулагч байдаг ба тэдгээрээс адууны нөхцөл, биеийн байдал, зориулалт зэрэгтэй тохируулан зөв сонголт хийж, зөв хэмжээгээр тогтмол цагт тэжээх нь чухал байдаг.
- Хоол боловсруулах эрхтний эмгэгээс сэргийлсэн амаар болон тэжээлд нь өгдөг тосон бэлдмэлүүд болон нэмэлт витамин.
Анхаарвал зохих зүйлс:
-Тэжээлийн шингэц болон гэдэсний эмгэгээс урдчилан сэргийлэхийн тулд хөдөлгөөнийг дулаан өдөр, зориулалтын хашаанд тогтмол хийлгэж байх нь чухал.
- Мориныхоо биед таарсан өвлийн нэмнээгээр хүйтэнд гаргахдаа нэмэх ёстой бөгөөд зүчээ болон саравч, хашаа сэрүүн бол тохирсон нэмнээгээр нэмнэнэ. Нэмнээгээ хуурай эсэх, хөлс, шороог нь буулгасан эсэхээ хянах хэрэгтэй.
-Зүчээний ариун цэврийн байдалыг тогтмол хангах, үнэр чийг, ялгадсыг өдөр бүр цэвэрлэх нь таны хайртай адуу эрүүл байх үндэс болно.
-Ул туурайн эрүүл бүрэн бүтэн байдлыг 7 хоногт 1 удаа тогтмол шалгаж байх.
Ам болон амны хөндийн эрүүл ахуй, шүдний элэгдэл, ургалтыг 14 хоногт 1 удаа шалгаж байх.
Comments